Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ял эдэлж байгаа иргэнийг хугацаанаас нь өмнө суллаж болно гэж Эрүүгийн хуульд заасан. Гэвч ажлын байрны олдоц муугаас ажил хөдөлмөр эрхэлж цалин орлого олох, түүгээр дамжуулан хохирол төлбөрөө барагдуулах боломж бага байдаг байна.
Тиймээс хорих ял эдэлж байгаа иргэдийг ажлын байраар хангаж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Ховд аймгийн прокурорын газар, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар хорих анги хамтран “Хохирлоо төлөөд боломжоо ашиглая” аяныг зохион байгуулж эхэлжээ.
Аян эхэлснээс хойш сарын хугацаанд хорих ял эдэлж байгаа 11 хүнийг ажлын байраар хангаж, 3 сая 500 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар