card

Түүхэн товчоо

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1930 оны VI дугаар Их хурлаас “Тус улсын Прокурорын байгууллагыг төв орон нутагт үүсгэн байгуулж, аливаа хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино” гэсэн шийдвэр гарч, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Улсын прокурорын анхны дүрмийг баталснаар Монгол улсад Прокурорын байгууллага анх байгуулагдсан түүхтэй.  

Энэ үеэс буюу 1931-1932 онд Улаанбаатар хот болон 11 аймагт прокурорын газрыг байгуулсны нэг болох  Ховд аймгийн прокурорын газар нь 1932 онд шүүхийн харьяанд прокурор 1, байцаагч 1 орон тоотой үүсэн байгуулагдаж байсан түүхтэй билээ.

1939 онд БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор аймаг, хот, цэргийн прокурорын газруудыг шүүхийн харьяаллаас тусгаарлаж, Прокурорын байгууллага нь  энэ үеэс төвлөрсөн нэгдмэл системтэй, хууль ёсны биелэлтэд дээд хяналт тавих үндсэн зорилттой төрийн байгууллага болон бэхжиж, хууль ёс нэг мөр журамтай биелэгдэж байгаа эсэхийг хянахдаа орон нутгийн нөлөөнд хамаарагдахгүй, ганцхан улсын прокурорт захирагдаж ажиллаж ирсэн байна.

Тус аймгийн прокурорын газар нь 1940 онд прокурор 1, туслах 1, мөрдөн байцаагч 2, нарийн бичгийн дарга 1, нийт 5 орон тоотой ажиллаж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурорын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг шинээр тодорхойлсны дагуу 1993 оны 04 дүгээр сард Улсын Их Хурлаас “Прокурорын байгууллагын тухай хууль”-ийг баталж, улмаар мөн оны 7 дугаар сард шинэ хуульд нийцүүлэн прокурорын байгууллагыг шинэчлэн зохион байгуулснаар тус аймгийн прокурорын газар нь бүтэц, чиг үүргийн хувьд шинэчлэн зохион байгуулагдсан.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар нь 1993 онд байгуулагдаж, тус аймгийн засаг захиргааны нэгжийн хуваарилалт, эрүүгийн нөхцөл байдалтай уялдуулж Булган, Үенч, Цэцэг, Алтай, Мөст зэрэг сумдын нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Одоо аймгийн прокурорын газар 25, Булган сум дахь сум дундын прокурорын газар 15, нийт 40  прокурор, ажилтны орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

 

.

 

Онцлох мэдээлэл