Ховд аймгийн прокурорын газар Хүний эрхийн үндэсний комиссын референттэй хамтран тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн албан хаагч нарт Эрүү шүүлтээс ангид байх эрх сэдвийн хүрээнд сургалт хийлээ.
Сургалтаар Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн ойлголт, хор уршиг, хүлээх хариуцлага зэрэг хууль, эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод заасан үндэслэлийг тайлбарлан, мэдээлэл өгөв.
Хүний эрхийн үндэсний комиссын Ховд аймаг дахь референт Өнөрмаа “Эрүү шүүлтээс ангид байх эрх” нэгдсэн сэдвийн хүрээнд цагдан хоригдсон, баривчлагдсан, хорих ял эдэлж буй хоригдогч нарт хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь доромжлохоос урьдчилан сэргийлэх, хүний эрхийг зохицуулсан олон улсын эрх зүйн хэм хэмжээ, эрүү шүүлтэд тавих хяналт, хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн харьцах, ялгаварлан гадуурхахгүй байх, албаны чиг үүргийг шударгаар биелүүлэх, хууль дээдлэх зарчмыг мөрдөх, хүний эрхийг дээдлэх зэрэг олон сэдэв, асуудлуудыг хөндөж, сургалтаа явууллаа.
Мөн сургалтын үеэр “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн ойлголт, эрүү шүүлтээс ангид байх эрх, хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь доромжлохоос урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд бэлтгэсэн гарын авлага, холбогдох материалыг тараан өгч, албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх боломж, нөхцлөөр ханган ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар