АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 92 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 67 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 24 хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 хэрэг байна. 

Ховд аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр хоёр хүнд холбогдох нэг хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. 

Э.Ч нь нийтийн албан тушаалтан буюу ...аймгийн ... сумын засаг даргаар,  Н.Б  нь байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ”-г баталж, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/95 дугаартай “Карьер түр ашиглуулах тухай” захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, элс ашиглах зөвшөөрлийг “Ө...” ХХК-д олгож, давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 39 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.Ч, Н.Б нарыг гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, иргэний хариуцагч  “Ө...” ХХК иас байгаль орчинд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн нийт 71,1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Иргэн танд

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй. 

Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тохиолдлыг гэмт хэрэгт тооцдог.