СУМЫН ИРГЭДЭД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
 СУМЫН ИРГЭДЭД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Ховд аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрдэнэбүрэн, Манхан, Дуут, Буянт, Мянгад, Ховд, Жаргалант, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган зэрэг нийт 12 сумдад ажиллаж иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийлээ.

Мөн энэ үеэр прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх урьдчилан сэргийлэх гарын авлагыг тарааж ажиллалаа.

Тухайлбал,  “цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэрэг”, “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг”, “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, хууль эрхзүйн үр дагаврын талаар тайлбарлаж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл зөвлөмж бүхий гарын авлага, зурагт хуудсыг 800 гаруй иргэдэд тараасан байна.

Мөн аймгийн прокурорын газраас Эрдэнэбүрэн, Ховд, Манхан, Жаргалант сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй, энэ чиглэлээр ажил зохион байгуулаагүй, харьяа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлаагүй зэрэг илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар  сумдын салбар зөвлөлд прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлээд байна.