Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл "Хууль бусаар ан агнах"-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн 24 хүнд холбогдох 16 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Баруун аймгуудад хууль бусаар ан агнах хэргүүд зонхилон гардаг бөгөөд 2026 оны эхний 5 сарын байдлаар Ховд аймгийн прокурорын газраас ховор амьтан болох аргалийг хууль бусаар агнасан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
-М.А, М.А нар нь бүлэглэн оны 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр, Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, Ховор амьтны жагсаалтад орсон, 1 тооны аргалийг агнаж, Toyota Prius загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд, М.А, М.А нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, амьтны аймагт учруулсан хохиролд тус бүрээс нь 22,2 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, галт зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн;
-Д.Э нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр, Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, Ховор амьтны жагсаалтад орсон, 1 тооны аргалийг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан, мөн 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэрт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр, Ховор амьтны жагсаалтад орсон, 1 тооны зэгсний зэрлэг гахайг хууль бусаар агнасан, “Пажеро” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн, Ховд аймгийн Жаргалант суманд өөрийн гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2026 оны 5 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцээд Д.Э-г улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохиролд 55,7 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн (бусдын өмчлөлийн) үнэ 4 сая төгрөг, галт зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Иргэн танд
Амьтны тухай хуульд зааснаар тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг "ховор амьтан" гэж тодорхойлж, төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ховор амьтныг зөвхөн тусгай зориулалтаар агнаж, барихыг зөвшөөрдөг.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд тодорхойлсон хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж, амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховор амьтны жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад 7 төрлийн 70 зүйл амьтан орсон байдаг. https://legalinfo.mn/mn/detail?lawId=202964&showType=1%C2%A0
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаартай тогтоолын хавсраалт Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759930148011&showType=1%C2%A0
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж хуульчилсан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг.
Хууль бусаар ан агнуур хийх явдлыг зогсооход иргэн бүрийн оролцоо нэн чухал. Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар