Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 488 хүнд холбогдох 221 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд Нийслэл болон Ховд аймгийн прокурорын газрууд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Ховд аймгийн прокурорын газраас
Л.Б нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч Б.С-тай бүлэглэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данснаас 2017-2021 онуудад ажил үйлчилгээ хийсэн мэтээр байгууллагын хөрөнгийг олон удаагийн үйлдлээр өөрийн төрсөн охин Э.С, нягтлан бодогч Б.С-нарын дансаар дамжуулан шилжүүлэн авч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт нийт 12.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Б, Б.С нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Б-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Иргэн танд:
Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газар